Сандаг Бямбацогт
С.Бямбацогт: Хууль зөрчсөн, зөрчөөгүй болохыг нь ялгаж салгаад ил зарлах хэрэгтэй
Хуульзүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтран хуралдаж, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хууль зүйн сайд С.Бямбацогт "Хөгжлийн банк гэхээр л улстөржиж, бие биенээ гүтгэж доромжилдог боллоо. Нийт 6 их наяд төгрөг босгосноос орон нутгийн аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, Гудамж төсөл, томоохон үйлдвэр аж ахуй нэгж байгуулсан, иргэдийн олноор ажлын байртай болгосон гээд үр дүнгээ өгсөн ажлууд цөөнгүй байгаа. Өнгөрсөн парламентийн үед Хөгжлийн банкны санхүүжилтэд цөөнгүй хууль зөрчсөн, хуудуутай зүйл байж магад тул шалгах асуудлыг МАН-ын бүлгийн зүгээс тавиад эхлэх үеэс л энэ асуудлыг улстөржүүлж, бие биеэ доромжлох, гутаах, ажлууд эхэлсэн. Тухайн үед МАН-ын бүлэг 26 гишүүнтэй байхдаа шалгая гэж Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг 2015 онд байгуулсан. Шалгаад эхэлмэгц л асуудлыг улстөржүүлж Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд болон миний биеийг зээл авсан гэж гүтгээд асуудлыг улстөржүүлсэн. Гэтэл өнөөдөр АН-ынхан “биднийг гүтгэж байна” гээд сууж байна. Одоо ч УИХ дахь АН-ын бүлгээс ард иргэдийн тархийг угаах төөрөгдүүлэх зорилгоор шалгалт хийж, шалгалтын дүнг танилцуулж байна гэж байна. Ажлын хэсгээс нийт 6 удаагийн шалгалтын дүнг танилцуулж байна шүү. Асуудлын гол нь 6 их наяд төгрөгийг яг юунд зарцуулагдсаныг харыг нь хараар, цагааныг цагаанаар ил гаргаад зарламаар байна. 1.3 их наядын зөрчил илэрлээ гэж байна. Төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн, хууль бусаар санхүүжилт авсан, зарцуулсан нь энэ хуулийн дагуу зээл аваад бүтээн байгуулалт хийж, улсад татвараа төлж, иргэдийг ажлын байраар хангасан нь энэ гээд ялгаж салгаад өгч болдоггүй юм уу. Зээл авсныг нь авснаар нь, хууль зөрчсөнийг нь зөрчсөнөөр нь, зөрчөөгүйг нь зөрчөөгүй гээд, хуудуутайг нь хуудуутай гээд ил зарлах хэрэгтэй" гэв.